Мэдээлэл, харилцаа холбоо, технологи улам бүр өндөр хурдацтай хөгжиж буй энэ шинэ зуунд эрхэм тантай Сэлэнгэ аймгийнхаа цахим хуудсаар уулзаж байгаадаа би нэн таатай байна.
Монгол орны газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт үр тарианы 60.0 хувь, төмсний 28 хувь, хүнсний ногооны 36.0 хувь, байгалийн хадлангийн 20 шахам хувийг бэлтгэн хүнсний ногоо, үр тариагаар эх орноо хангах үйлсийг манлайлан эх орны “Орхон” сортын улаан буудай, “Хангай”, “Орхон”, “Ерөө” үүлдрийн нарийн, нарийвтар ноост хонь, “Сэлэнгэ” үүлдрийн үхэр бий болгож, Шаамарын тохойд анхны монгол алим ургуулж, газар тариаланг эх орны эдийн засгийн бие даасан салбар болон хөгжиж бэхжсэн хагас зууны түүхийг амжилт бүтээлээр манлайлж атрын 3 удаагийн аяныг амжилттай хэрэгжүүлсний учир Сэлэнгэчүүд бид бүхнийг Монголын төр үнэлж Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор хоёронтоо шагнасан билээ.
Сэлэнгэ сайхан нутгийнхаа хөгжлийн хөтчөөр төр түмний итгэл хүндлэлийг хүлээн томилогдсон аймгийн Засаг даргын бүрэн эрхийн он жилүүдэд “ХҮНЭЭ ДЭМЖИЖ, ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЬЕ” -ийг эрхэм зорилгоо болгож, төрийн албан хаагчдыг чадваржуулах, хүүхэд залуучуудынхаа сурах, хөгжих боломж нөхцлийг дээшлүүлэх бодлого шийдвэртээ иргэдийн санал, эрэлт хүсэлтийг түлхүү тусгах, төрийн ажил үйлчилгээний чанар байдлыг иргэд олон нийтийн оролцоотойгоор үнэлж дүгнэх зэрэг бодлогын зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй болгохоор цахим засгийн үйлчилгээг хөгжүүлж, нэвтрүүлэхээр зорьж буй манай аймгийн цахим хуудсаар аялан төрийн үйлчилгээ болон түүнтэй холбоотой мэдээ мэдээлэлтэй танилцан гэдэгт итгэлтэй байна. Цахим ертөнцөөр аялагч та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Tweet