Цөөн үгээр

- Шилдэг хамтарсан баг шалгаруулах уралдаанд тусгай байр эзэллээ. - Угийн бичиг хөтлөлтийн аян зохион байгууллаа. - Нэгдсэн хогын цэгийг цэвэрлэж цэгцэллээ.

Танилцуулга

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 3637

       Одоогоос 50 гаруй жилийн тэртээд усан замаар мод тээж, уугих улаан галаа дэвжээж байсан Дулаанхааны мод дамжуулах бааз, Дулаанхаан хороогоор овоглогдсон ойчин ард түмний гараар бүтээгдсэн, Ерөө голын хөвөөг даган нүүдэллэн оршиж байсан эртний сурвалжит Монгол туургатан, овог аймгуудын буурал түүхээс улбаатай Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу одоогийн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3-р баг Дулаанхаан тосгон юм. Монгол орны ойн нөөцийн дийлэнх хувийг эзэлдэг Хан хэнтийн салбар уулсын хойт хэсэг Бөхлөө, Цамхагийн салбар уулсын цэнхэр хөвчнөөс эх орны хэрэгцээнд шаардлагатай модон материалыг бэлтгэдэг Ерөө  модон заводыг өргөтгөх, Ерөөд бэлтгэсэн модыг 4-6 метрээр  хэрчимлэн усан замаар тууварлан урсгаж, одоогийн төмөр замын 62-р өртөөнөөс төмөр замаар тээвэрлэн мод боловсруулах үйлдвэрүүд, барилгын салбарыг хангах гадаадын орнуудад экспортлох зорилгоор Дулаанхаан мод дамжуулах баазыг БНМАУ-ын СнЗ-ын 1957 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор байгуулах шийдвэр гаргасан байна.

       СЭЛЭНГЭ САЙХАН НУТГИЙН УМАРД ХЯЗГААР ДАХЬ
       БАРУУНААС ЗҮҮНТЭЭ ЦАГААН ДАВААНААС ТАЛЫН        ГОЗГОР,   УМАРДААС ӨРНӨӨ ЕРӨӨ ГОЛЫН ХӨВӨӨНӨӨС
      ДУЛААНХААН УУЛ ХҮРТЭЛХ ӨРГӨН УУДАМ НУТАГТАЙ
                                   ДУЛААНХААН ТОСГОН МИНУ.

       БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 тоот зарилгаар Сэлэнгэ аймгийн Дулаанхааны модны аж ахуй, Ерөөгийн модны заводын ирээдүйн хөгжлийн төлвийг харгалзан Дулаанхаан хороог байгуулжээ. 1992 оноос Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу хот тосгоны статустай болж АДХТЗ-ны анхны даргаар Мод дамжуулах баазын дарга депутат Г.Дарьсүрэн,  анхны Захирагчаар Ж.Ганболд сонгогдон ажиллаж байлаа.

      Одоогоор Дулаанхаан тосгон нь 1700 гаруй хүн ам, 465 гаруй өрх,4445  толгой малтай. Шаамар сумаас 35 км, Сүхбаатар сумаас 45 км, Дархан уул аймгаас 60 км, Улаанбаатар хотоос 276 км алслагдсан , Олон улсын авто зам, төмөр зам дайран өнгөрдөг дэд бүтэц ,эрчим хүч харилцаа холбоо сайн  хөгжсөн нутаг билээ. Өрхийн амьжиргааны эх үүсвэр өрхийн жижиг аж ахуй, мал, зөгий, төмс хүнсний ногооны аж ахуй юм. Монгол улсын уул уурхайн томоохон “БТЕГ” ХХК-ны дамжин өнгөрөх Цагаан хаалга өртөө МТЛ ХХК, “Хөвчит нум”ХХК  нум сум үйлдвэрлэлийн компани зэрэг томоохон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Таван хан уулын нэг Дулаанхаан ууланд ходоод дотрын рашаан, байгалын музей, Чингисийн тэвэг, Чингисийн мөр, Элгэн хадан цохио зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий хад чулуу элбэг арвин, Ерөө голоор ундаалсан уулархаг тал хээрийн шар, хүрэн бор хөрстэй нутаг юм.