Монгол Улсын Их Хурлын 201 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 350 дугаар, 2011 оны 98 дугаар, 2012 оны 116, 181 дүгээр тогтоолуудын хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг түүний хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд хувьцаа нь саналын эрхгүй, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, тус хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлээгүй байгаа боловч сүүлийн үед 1072 ширхэг хувьцааны дансаа иргэд яаралтай нээлгэснээр түүнийг өмчлөх эрх нь баталгаажиж, улмаар захиран зарцуулах эрх бий болж, хувьцаагаа худалдах, түүнийг нь иргэдээс худалдан авч байгаа мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн худал ташаа, ам дамжсан бодит бус мэдээлэл олон нийтийн дунд тархаж байна.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа нь зөвхөн тодорхой хуулийн зохицуулалтын хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр гартал арилжаалагдах боломжгүй, хөрөнгийн биржээр нийтэд арилжаалагдаж эхлээгүй учраас хувьцааг эзэмших зорилгоор үнэт цаасны данс нээлгэх шаардлагагүй юм.
Санхүүгийн зохицуулах хорооноос хөдөө, орон нутагт үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэх салбарын тусгай зөвшөөрөлгүй үнэт цаасны компаниуд иргэдэд үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн данс нээх, мөн зарим этгээдүүд иргэдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх замаар үнэт цаасны компанийн нэрийг ашиглан данс нээж иргэдийг хохироох зохисгүй үйлдэл гарч болзошгүй байна.
Иймд ард иргэд та бүхэн холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр гартал хувьцаагаа худалдахгүй байхыг анхаарна уу.
САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС