Цөөн үгээр

- Шилдэг хамтарсан баг шалгаруулах уралдаанд тусгай байр эзэллээ. - Угийн бичиг хөтлөлтийн аян зохион байгууллаа. - Нэгдсэн хогын цэгийг цэвэрлэж цэгцэллээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ АНХДУГААР УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛОВ

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 417

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд “Алтанбулаг экспо 2016” арга хэмжээг энэ сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү Олон улсын форумын үйл ажиллагааг Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, МҮХАҮТ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон бусад холбогдох газрууд хамтран зохион байгуулсан юм. Олон улсын форумын хүндэт зочдоор УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, ОХУ-ын Буриад улсын Ардын Их Хурлын дарга Доржиев Ц.Э, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Алтанбулаг чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүн Ч.Амарбаатар, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү нар байлаа. Тус форум  зургаан салбар хуралдааны хүрээнд өрнөж, мөн үзэсгэлэн худалдаа, гурван улсын хамтарсан урлагийн тоглолт, орон нутгийн язгуур урлагийн тоглолт, загварын шоугаар үргэлжлэн явагдлаа.

Олон жил дуншиж, нойрмоглосон “Аланбулаг чөлөөт бүс” энэ хоёр өдөрт ёстой л жинхэнэ утгаараа сэрсэн юм. Энэ өдрүүдэд зочин гийчдийн хөлд хөдөлгөөн ихтэйгээс гадна оролцогчдын тоо, хамрах цар хүрээ маш өргөн болсон юм. Мөн л анхны гэх тодотголтой энэхүү арга хэмжээ нь гурван улсын төрийн төлөөлөл, бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид хамтран худалдаа, үйлдвэрлэл, эдийн засгийн чиглэлээр харилцан ашигтай, хамтын ажиллагааг эхлүүлэх талаар хэлэлцсэнээрээ онцлог ач холбогдолтой боллоо. Тухайлбал худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар зөвхөн дотооддоо ярилцах бус хоёр хөрштэйгөө ойлголцох, оновчтой шийдэлд хүрэх, төрийн зөв бодлогоор дэмжих нь 10 гаруй жилийн турш яригдсан чөлөөт бүсийг жинхэнэ ёсоор нь “амилуулахад”  онцгой ач холбогдолтой болно хэмээн оролцогчид энэ үеэр онцлон хэлж байлаа.

“Алтанбулаг экспо 2016”-г УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ “Гурван улсын 100 гаруй аж ахуй нэгж Алтанбулагийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлснээс 10 гаруй нь үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Цайны замын гол зангилаа болж байсан эртний түүхтэй энэ газарт чөлөөт бүсийг бүрэн хөгжүүлэх боломжтой гэж харж байна” хэмээлээ. Энд нийт 500 га талбай бүхий Алтанбулагийн чөлөөт бүсэд суурь дэд бүтцийн ажлууд үндсэндээ дууссан бөгөөд хөрөнгө оруулагчдаа татах ажил эрчимтэй өрнөж байгаагийн нэг хэлбэр нь энэ удаагийн арга хэмжээ юм. Эдүгээ дэлхий дахинаа 135 оронд 3500 гаруй чөлөөт бүс 700 тэрбум орчим ам.долларын экспортын бараа эргэлт гүйцэтгэж, 70 сая хүнийг ажлын байраар хангаж байгааг энэ үеэр Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү илтгэлдээ дурдсан.

Алтанбулаг чөлөөт бүсэд одоогоор улсын төсвөөс 22 тэрбум, хувийн хэвшил таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж. Суурь дэд бүтцийн хувьд чөлөөт бүсийн доторхи шугам хоолой бэлэн болсон бөгөөд Сэлэнгэ аймгийн  цэвэрлэх байгууламжтай холбох ажил энэ ондоо дуусгахаар ажиллаж байгааг энэ үеэр дуулгалаа. Эхний ээлжийн цахилгаан хангамж бэлэн болсон төдийгүй цаашид өргөтгөх боломжтой гэнэ. Энэ мэтчилэн үндсэн дэд бүтцийн ажил дуусгавар болсон байна. Энэ онд тус бүсэд “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба болон ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалтаар томоохон худалдааны төв барьж, байгуулах төслийн ажлыг эхлүүлэхээр болсон байна. Эх газрын боомт хот болон хөгжихөөр  тэмүүлж буй “Алтанбулаг” чөлөөт бүсэд  аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээг цогцлоож, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах чиглэлд Монгол Улс чармайн ажиллаж буй. 10 гаруй жилийн турш яригдсан “хуучин” танил мэт боловч цоо шинэ ойлголт, цоо шинэ  бизнес, хөгжил болсон чөлөөт бүсийн тухай Орхон-Сэлэнгийн бэлчирт саатсан зочид, төлөөлөгчид санал, бодлоо хуваалцав. Гурван улсын харилцан ашигтай, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа  чөлөөт бүсэд өрнөх болох боломжтой гэдгийг энэ удаагийн экспо харууллаа.